Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/199 дүгээр тушаалаар сувилагч, бага эмч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудыг гадаад улсад богино хугацааны сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Энэ удаагийн сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв БНХАУ-ын Боловсролын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинжлэх ухаан технологийн газрын дэмжлэгтэйгээр Хөх хотын Олон улсын Монгол эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй багийн бага эмч нарын ур чадварыг дээшлүүлэх эхний ээлжийн сургалт болон Монголын уламжлалт анагаах ухааны их эмч нарын олон улсын сургалт энэ сарын 17-нд эхэлсэн. ӨМӨЗО-ы Хөх хотод ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжлэх сургалтад Монголын уламжлалт анагаах ухааны 23 их эмч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй багийн 33 бага эмчийг хамруулж байгаа юм.
Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хөх хотын Олон улсын Монгол эмнэлэгтэй хамтын ажиллагааныхаа хүрээнд эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалт явуулахаас гадна Монгол эмнэлгийн хорооны эмч нарын бүрэлдэхүүн манай улсад ирж иргэдэд үзлэг оношилгоо хийж, эмчилгээнд хамруулах ажлыг тасралтгүй зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа билээ.
Эх сурвалж: ЭМЯ