Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын IV хурал энэ сарын 24-25-нд боллоо. Хуралд БНСУ, БНЭУ, Австрали, Испани, АНУ, Англи, Япон, Филиппин зэрэг 10 гаруй орны 20 орчим эрдэмтэн, мэргэжилтэн оролцож, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар хэлэлцсэн юм. Анагаахын шинжлэх ухааны шинэ дэвшилт технологи болох эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг манай улс 1996 оноос нэвтрүүлсэн билээ. Улмаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2006 онд бөөр, 2011 онд элэг, үүнээс гурван жилийн дараа ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгажээ. Түүнчлэн 2018 оноос Хавдар судлалын үндэсний төвийнхөн элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байна. Мөн энэ оноос Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн хамтран хүүхдэд элэг шилжүүлэн суулгав. Одоогоор есөн хүүхдэд элэг шилжүүлэн суулгажээ. Цусны бүлэг өөр донороос элэг, аллоген донороос цусны үүдэл эс, тархи нь үхэжсэн донороос элэг, бөөр, шөрмөс, ясны бүрдэл хэсэг шилжүүлэн суулгах эмчилгээг тус бүр амжилттай нэвтрүүлсэн байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун “Олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар манай улс эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж буй 93 орноос 42-т жагсаж байна. Эмчилгээний үр дүнгийн хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай эн чацуу, ерөнхий дунджаас дээгүүрт бичигддэг. Цаашид энэхүү эмчилгээг удирдан чиглүүлж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг, чадварыг улам ахиулах, тоног төхөөрөмжийг сайжруулах хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой санхүүжилтийг тогтмол өсгөх нь зүйтэй. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах албаныхан тархиндаа цус харвасан, гэмтэл авсны улмаас нас барсан иргэдийг донор болгох үйл ажиллагааг голчлон хариуцдаг. Амьгүй донорын талаар иргэдэд зөв ойлгуулах нь маш чухал. Манай улсад жил бүр даралт ихсэх өвчнөөр 3000 орчим, зам, тээврийн ослоор 600 гаруй хүн амиа алддаг гэсэн тоо бий. Ар гэрийнхнийх нь зөвшөөрлөөр донор болгох боломжтой” гэв.
Эртхэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэг шатаар урагшлуулах зорилгоор эл хурлыг зохион байгуулж буй аж. Эмчилгээний үр дүнг сайжруулахад шинэ дэвшилт технологи, инновац нэвтрүүлэх нь зүйтэй гэж хуралд оролцогчид онцолсон. Монгол эмч нарын дараагийн зорилго нь нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгах. Зүрх шилжүүлэн суулгах эмч нарын багийг 2022 оноос бэлдэж эхэлжээ. Амьгүй донороос л зүрх шилжүүлэн суулгах боломжтой. Эл эмчилгээг эхлүүлэхийн тулд амьгүй донорын үйл хэргийг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай юм. Тиймээс холбогдох хүмүүс Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Манай улсад 21 нас хүрсэн иргэн донор болохоо илэрхийлэх эрх зүйн орчин бүрдсэн. Одоогийн байдлаар 500 гаруй хүн донор болохоор зөвшөөрч, карт бөглөжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах холбооны тэргүүн Д.Нямсүрэн “Сүүлийн жилүүдэд амьгүй донор буюу эд, эрхтнээ бусдад хандивлах тохиолдлын тоо нэмэгдэж, олон хүнийг аварч байна. Нэг хүний амьдралын төгсгөл найман иргэний амийг аврах боломжтой. Бидний хувьд нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгах нь гол зорилго. Багийнхан бэлтгэлээ хангаж байна” гэв. Одоогоор бөөр, элэг, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгуулсан хүний тоо 780-д хүрчээ. Гэвч олонх нь амьд донортой буюу аав, ээж, ах, дүүс, хамаатан садан нь тэдэнд амьдрал бэлэглэсэн байна.
Манай улс хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог. Монголчуудын өвчлөл, нас баралтын 74 хувийг халдварт бус өвчин эзэлж буй. Хавдраар оношлогдсон хүмүүсийн 77 хувь нь хожуу үе шатандаа эмнэлэгт ханддаг гэнэ. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх нь чухлыг эдгээр тооноос харж болохоор. Өвчин хүндрэхийн хэрээр эрхтэн шилжүүлэн суулгах шаардлага гардгийг эмч нар хэлж байна. Эрхтэн шилжүүлэн суулгуулснаар тухайн хүний амьдралын чанар сайжрахын зэрэгцээ эрүүл мэндийн салбар хөгждөг аж. Манай улс эс, эд, эрхтэн шилжүүлсэн суулгах бие даасан төвгүй. Харин удахгүй үндэсний хэмжээний төв барих гэнэ. 2024 оны улсын төсөвт 142 тэрбум төгрөг суулгаж, эрхтэн шилжүүлэн суулгах төв барихаар төлөвлөжээ.
“Ихэнх оронд хувийн хэвшлийнхэн нь эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг хөгжүүлдэг. Харин Монгол Улсад Засгийн газар нь анхаарч, улсын эмнэлгүүдэд эл эмчилгээг хийж буй нь сайшаалтай”, “Эрүүл мэндийн салбарын хамгийн дээд түвшний мэс засал бол эрхтэн шилжүүлэх байдаг. Монгол Улс Европын орнуудын түвшинд зарим талаараа хүрснийг харах бахархалтай байна” хэмээн хуралд оролцсон гадаадын төлөөлөгчид онцолсон юм. Энэ үеэр Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч Мегги Магаас зарим зүйлийг тодрууллаа.
МЕГГИ МА: Амьтнаас хүнд эрхтэн шилжүүлэх талаар судалж байгаа
-Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны талаар товч мэдээлэл өгөхгүй юү?
-Манай холбоонд 20 гаруй улс гишүүнээр элссэн. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэ удаагийн хурлаар донор болон эмчлүүлэгчийн ёс зүйд хэрхэн анхаарах тухай хөндсөн нь онцлог байлаа. Бид зөвхөн Ази гэхгүй, бусад улсын эрхтэн шилжүүлэн суулгах төвүүдтэй хамтран ажиллахыг зорьж байгаа. Би Хонконгоос ирсэн. Бөөрний эмч мэргэжилтэй. Эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажилладаг. Хонконгод хос бөөр шилжүүлэн суулгах анхны мэс засалд оролцсон.
-Хонконгод эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүс хэр олон байдаг бол?
-Манайд бөөрний өвчлөл өндөр. Диализ эмчилгээг олон хүн хийлгэдэг юм. Үүний зэрэгцээ бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ сайн хөгжсөн. Мөн элэг, зүрх, уушги болон ясны чөмөг, эвэрлэг зэрэг эдийг шилжүүлэн суулгаж байна.
-Хос бөөр шилжүүлэн суулгах мэс заслын талаар тодруулж болох уу?
-Хос бөөр гэхээр хоёуланг нь нэгэн зэрэг шилжүүлэн суулгасан гэж ойлгож болохгүй. Нэг л бөөр шилжүүлэн суулгасан. Гэхдээ хосолсон шилжүүлэн суулгах ажиллагаа арай өөр зүйл. Бөөр хүлээн авах өвчтөн болон донор хоорондын эдийн тохироо нь таарахгүй тохиолдол байдаг. Ийм үед эдийн тохироо нь таарахгүй байгаа донорыг тусгай системд бүртгүүлсэн өвчтөнтэй холбож өгдөг юм.
-Манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнгийн талаар та ямар бодолтой байна вэ?
-Юуны түрүүнд Эрхтэн шилжүүлэн суулгах алба, Засгийн газарт баяр хүргэе. Богино хугацаанд их үр дүнд хүрсэн байна. Цуллаг эрхтнээр хязгаарлагдахгүй бусад эд, эс, эрхтэн шилжүүлэх ажилд эрүүл мэндийн салбарынхан ур чадвараа сорих шаардлага үүссэн санагдлаа. Тухайн улсын хүн амын тоо, эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний чанартай холбоотой учраас сайн, муу гэж дүгнэх нь өрөөсгөл юм. Гэхдээ Азийн улс орнууд бүхэлдээ зарим нэг эрхтэн шилжүүлэх мэс заслын чанар, үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч болж байгаа. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагаагаар тэргүүлдэг. Монгол Улс хурдацтай хөгжиж байна. Хүн ам өсөхийн хэрээр эд, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэний тоо нэмэгдэнэ. Үүнийг дагаад эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвүүдийг барих шаардлага бий болдог. Цаашид чанартай тусламж, үйлчилгээ, хамтын үйл ажиллагаатай холбоотой асуудал үүсэх болов уу. Анхнаасаа энэ үйл явцыг зөв суурьтай эхлүүлж чадвал эрүүл мэндийн салбарынхан хамтран ажиллахад чирэгдэл учрахгүй байх.
-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний ирээдүйн хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Олон улсын эрдэмтэн, мэргэжилтнүүд энэ талаар итгэлдээ дурдлаа. Амьтнаас хүнд эрхтэн шилжүүлэн суулгах гэдэг зүйлийг ярьж, судалж эхэлсэн. Зөвхөн хүнээс хүнд бус, хэд хэдэн боломжтой байх талаар хэлэлцэж буй. Амьтнаас хүнд эрхтэн шилжүүлэн суулгах нь анагаахын шинжлэх ухааны шинэ ололт болно. АНУ-д бөөр, зүрх шилжүүлэн суулгасан тохиолдол бий. Үр дүн нь ч муугүй гэж сонсогдсон.