Сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоонд ашиглах хиймэл оюун ухааны технологид суурилсан зургаан ширхэг зөөврийн дижитал рентген аппаратыг өнгөрсөн баасан гарагт ЭМЯ-нд хүлээлгэж өгөв. “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилтээр эл аппаратыг нийлүүлжээ. ДЭМБ-аас Монгол Улсыг сүрьеэгийн тархалт өндөртэй 30 орны нэг гэж зарласан. Манай улсад 100 мянган хүн амд тохиолдох сүрьеэгийн өвчлөл 452 буюу тархалт өндөр орнуудын түвшинд байна. Гэвч эл өвчний шинэ тохиолдлын ердөө 20 хувийг илрүүлдэг аж. Тиймээс эрт илрүүлж, халдвар, тархалтыг багасгах, тусламж, үйлчилгээг сайжруулахад уг зөөврийн аппарат туслах гэнэ. “Глобаль” сангийн хөтөлбөр зохицуулах нэгжийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл “2024-2026 оны төсөлд Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд зургаан багийг шинээр ажиллуулна. Эдгээр баг нь сүрьеэгийн өвчлөл бүртгэгдсэн айл өрхөд очиж үзлэг, шинжилгээ хийнэ” гэв.
Монгол Улсад анх удаагаа нэвтрүүлсэн хиймэл оюун ухаанд суурилсан зөөврийн аппаратын зайг цахилгаанаас гадна нарны эрчим хүчээр цэнэглэх боломжтой аж. Тус аппарат нь тухайн хүний цээжний зургийн мэдээллийг хиймэл оюун ухаантай холбосноор сүрьеэг 20 секундийн дотор оношлох боломжтой юм. Одоогоо дэлхийн 70 гаруй орон эл аппаратыг хэрэглэдэг. Нийт 1.3 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий дижитал аппаратыг Хөвсгөлийн Тосонцэнгэл, Хэнтийн Жаргалтхаан, Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвд өгчээ. Үлдсэн гурвыг нь ХӨСҮТ-д хуваарилж, нийслэлийн өрхийн эмнэлгүүд гэрээгээр ашиглах юм байна.