Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурлыг анх 2015 онд Монголын эрхтэн шилжүүлэн суулгах холбоо санаачлан тус төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөр, элэг, үүдэл эс шилжүүлэн суулгах багууд хамтран гурван удаа зохион байгуулаад байна.
Хурлаар 10 гаруй орны 20 зочин профессор болон манай улсын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний одоогийн үр дүнг тооцох, шинэ дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх талаар хэлэлцэх, санал зөвлөмж авах, судалгаа шинжилгээг үргэлжлүүлэн шинэ түвшинд хүргэх талаар хэлэлцэх юм.
Манай улсад анагаахын шинжлэх ухааны шинэ дэвшилтэт технологи болох эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 1996 оноос нэвтрүүлж эхэлсэн. Улмаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2006 оноос бевр, 2011 оноос элэг, 2014 оноос ясны чөмөг, цусны үүдэл эс, Хавдар судлалын үндэсний төв 2018 оноос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг тус тус эхэлсэн байна. Түүнчлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтарсан байдлаар хийж эхэлсэн.
Цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал, аллоген донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ, тархины үхэлтэй донороос элэг, бөөр, шөрмөс, ясны бүрдэл хэсэг шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлж, нутагшуулах ажлуудыг амжилттай хийж байна. Та бүхэн хурлын талаар www.icot.mn цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авах болон хуралд оролцогчоор бүртгүүлэх боломжтой