Боловсролын ерөнхий газар, “Орбис” олон улсын байгууллагынхан хамтран “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төсөл хэрэгжүүлж эхэлснээ уржигдар мэдээлэв. Уг төсөлд улсын хэмжээний 33 сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулах гэнэ. “2-18 настай монгол хүүхдүүдийн дунд нүд болон шүдний өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс боловсролын байгууллагад тулгуурласан байдлаар нүд, шүдний эрт илрүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн” гэж төсөл хэрэгжүүлэгчид мэдээлэв. Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сонгосон 33 сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг үзлэгт хамруулахад 45 хувь нь харааны ямар нэгэн асуудалтай байсан гэнэ.
Хүүхдийн харааны эрүүл мэндийн чиглэлээр 50 жилийн турш ажиллаж байгаа профессор, судлаач Брюс Мүүрийн боловсруулсан аргачлалыг төслийн хүрээнд манай улсад нэвтрүүлэх гэнэ. Уг аргачлалаар хүүхдийн насны онцлогийг харгалзан харааг нь шалгах бөгөөд цэцэрлэг, сургуулийн бүлгийн болон анги удирдсан багш, эмч, нийгмийн ажилтнаар удирдуулан нүдний үзлэг зохион байгуулж, ESIS хэмээх системд цахимаар бүртгэх аж. Үзлэгээр ямар нэгэн эмгэг илэрсэн хүүхдийг нүдний мэргэжлийн эмчид үзүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн нүдний эрүүл мэнд нь сурагчдын суралцах чадвар, цаашлаад амьдралын чанарт нь хэрхэн нөлөөлж байгааг судалж, үүнээс урьдчилан сэргийлэх арга аргачлалыг төсөл хэрэгжүүлэх гурван жилийн хугацаанд нэвтрүүлэх гэнэ. Мөн эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийг нүдний өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх нь. Эдгээр арга хэмжээг аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газар, дүүргүүдийн Боловсролын хэлтэс болон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, ажилтнуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.