Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газраас ИХ-ын энэ удаагийн сонгуулийг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн хороо байгуулж, Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээжээ. Үндсэн багийн гишүүд болох 11 шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн тус төлөөлөгчийн газрыг Элчин сайд Женнифер Браш удирдах аж. үүнчлэн тэргүүн дэд даргаар Ранко Вучэвик (Серби), улс төрийн шинжээчээр Жулиа Манчин (Унгар), хуулийн шинжээчээр Мариана Скопа (Грек), Ваня Ангуэлова (Богар), хэвлэл мэдээллийн шинжээчээр Иван Годарски (Словак) нар ажиллах гэнэ.
Ардчилсан институт, хүний эрхийн газраас энэ сарын 28-наас аймгуудаар урт хугацааны ажиглагчдыг томилж ажиллуулах аж. үүнчлэн санал авах өдрөөс өмнө 250 ажиглагчийг богино хугацаагаар ирүүлж ажиллуулахаар гишүүн орнуудад хүсэлт явуулсан байна. 2016 оны сонгуулиар 300 орчим ажиглагч манай улсад богино хугацаагаар ажилласан бол 2020 онд цар тахлын улмаас цөөн хүн ажиглажээ.
Тус хорооны ажиглагчид нийслэл, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг ажиглан, олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн зарчим, үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа, эсэх талаар тайлан бэлтгэж, дүгнэлт, зөвлөмж өгөх юм. Эрх зүйн орчин, зохион байгуулалт зэрэг өргөн хүрээнд ажиглахаас гадна санал авах байруудын бэлтгэл ажил, нээлт, тооллогын үйл явц, хяналтын үйл ажиллагааны талаар тайландаа оруулах аж. Ингээд санал авсны маргааш урьдчилсан тайлангаа танилцуулах нь. Харин сонгуулийн үйл явцыг бүхэлд нь үнэлсэн тайланг зөвлөмжийн хамт хоёр сарын дараа нийтлэх юм байна.
Бэлтгэсэн Б.Уран