Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн захирал, зөвлөх эмч Ц.Төмөр-Очироор ахлуулсан баг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотод ажиллаж, зүрх, судасны эмч нарт нь туршлагаасаа хуваалцжээ. Монгол Улсад зүрх, судасны өвчлөл жил бүр нэмэгдэж буй. Гэхдээ эл өвчнөөс шалтгаалах нас баралт буурч байгаа аж. УГТЭ-ийн Зүрх, судасны үндэсний төвийнхөн аймаг, дүүргийн эмч нарыг телемедицин (байгаа газраасаа эрүүл мэндийн тусламжийг цаг алдалгүй авах боломжтой цахим үйлчилгээ)-ээр нэгтгэж, тоног төхөөрөмжийг сайжруулж, хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулсан нь нас баралт буурахад нөлөөлсөн гэж үзэж буй.
Лаос улс нь 7.5 сая хүн амтай, дундаж наслалт нь 56 гэнэ. Зүрх, судасны тусламж, үйлчилгээний хувьд нийслэл Вьентьяны төв эмнэлэгт суурилсан ба орон нутгийн эмнэлгийн хөгжил харьцангуй сул, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг тулгамдсан асуудал цөөнгүй байгаа аж. Манай улсын эмч нар зүрх, судасны тусламж, үйлчилгээг сайжруулсан 20 жилийн туршлагадаа тулгуурлан лаос эмч нарыг зүрх, судсан дотуурх мэс ажиллаварт сургах нь. Мөн оношилгоо, эмчилгээний чадавх сайжруулах, зүрхний цахилгаан бичлэгийн талаарх сургалтыг шат дараатай зохион байгуулахаар болжээ.