Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлжээ. Барих газар нь маргаантай байсныг шийдвэрлэн, 10 га талбайд жишиг эмнэлэг барихаар болж, зураг төслийг нь батлуулсан гэнэ. Тус дүүргийн Нэгдсэн эмнэлэг хэдийгээр хотын төвд байрлалтай ч барилга нь зориулалтын биш, тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлага хангадаггүй, өрөө тасалгааны хүрэлцээ муу аж. Шинээр барих эмнэлэг нь 250 хүн хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжтэй байх аж. Нийт 82.2 сая ам.долларын санхүүжилтээр төслийг хэрэгжүүлэх бөгөөд үүний хүрээнд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн өргөтгөл, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Эрүүл мэндийн төв, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн зургаан төвийн барилгыг барих юм байна.