Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн эцсийн, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийлээ.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн. Анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 16-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Хуулийн төсөлд, чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөн, нас барсан цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадваргүй гишүүний тооноос үл хамааран 100 хувиар тогтоохоор, мөн тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгохоор, ийнхүү олгох орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар заасан байна. Эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийснийг үндэслэн хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.
Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлсэн нэг асуудлаар Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасан юм. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд тусгасан 7 дугаар зүйлийн 8 дахь нэмэлтийг “7.8.Ахмадын өргөө, бусад төв нь төрийн болон орон нутгийн өмчийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа бол ашиглалт, засварын зардлыг төсвөөс гэрээний үндсэн дээр хэсэгчлэн болон бүрэн санхүүжүүлнэ” гэж өөрчлөн найруулах тухай зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Түүнчлэн тус байнгын хорооны хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг онцлов. Энэхүү чиглэлийн дагуу төслийн 6, 7, 12, 41, 46, 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт болон хамт өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 10 саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсан юм.
Мөн ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасныг баримтлан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсны анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ.