УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ улс төрийн нам, эвслүүд өчигдөр тодруулж дууслаа. Бие даан нэрээ дэвшүүлэх хүмүүс ч дээрх хугацааг баримтлах учиртай. Сонгуульд оролцох эрхээ авсан нам, эвслүүд өөр өөрийн эрх бүхий байгууллагаа хуралдуулан, шийдвэрээ гаргав. Гэхдээ нөлөө бүхий намууд АН, МАН-ынхан өчигдөр ажлын цаг хойш цугласан юм. Тухайлбал, МАН-ын Бага хурлыг 16.00 цагт товлосон ч намын удирдлагын түвшинд нэрсээ тохиролцож чадалгүй хойшилж, 18.30 цагт эхэлсэн. АН-ын Үндэсний бодлогын хороо 18.00 цагт хуралдахаар зарласан ч манай сонины дугаар шилжих мөчид дөнгөж бүртгэлээ хийж байсан юм. ХҮН нам, Үндэсний эвлийнхэн ч үдээс хойш хуралдлаа. Харин Иргэдийн оролцооны нэгдэл намынхан энэ сарын 18-нд хуралдан шийдвэрээ гаргаж, 59 хүнийг нэр дэвшүүлэхээ зарласан байв.
Ийнхүү нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаар тэд өнөөдрөөс эхлэн тав хоногийн дотор өрсөлдөх хүмүүсийнхээ нэрийг холбогдох шийдвэрийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Сонгуулийн төв байгууллага хүсэлтийг нь хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх, эсэхийг шийдэх юм. Бүртгэхээс татгалзсан тохиолдолд зөрчлийг нь арилган, ирэх сарын 3-наас өмнө дахин хандах боломж бий. Харин нам, эвслээсээ “эрх” авсан нэр дэвшигчид гурав хоногт багтаан хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т хүргүүлнэ.