Намууд хүний эрхийн болоод улс төрийн мэдрэмжтэй хандаж, жагсаалтынхаа эхний 5-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаалаа. Тухайлбал, МАН-аас жагсаалтын 4-т Ахиллтис Монголиа ТББ-ын тэргүүн, Анагаахын сургуулийн багш, судлаач О.Саранчулууныг оруулсан бол АН-аас жагсаалтын 3-т жүжигчин хуульч, Ж.Баясгаланг оруулж, багтаа оруулснаа зарлав. Одоогоос 10 жилийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотын марафонд Монголын нуман хөлтэй бүсгүй амжилттай оролцсон талаарх мэдээлэл цацагдаж байсан. Тэр хүн бол О.Саранчулуун юм. Дээрх марафоныг амжилттай дуусгаснаар дэлхийн марафонуудад Монголоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөллөөрөө оролцуулах албан ёсны эрхийг авч байсан удаатай. Тэрбээр АШУҮИС-ийн багш, Ахиллис Интернэшнл байгууллагын Монгол дахь салбарын захирал. О.Саранчулуун Израиль улсын Иерусалим хотын Хэбрүйгийн сургуульд Нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг горилж, Нью Йорк хотын Колумбын их сургуульд мэргэжил дээшлүүлжээ.
АН-аас нэр дэвшигч Ж.Баясгалангийн тухайд СУИС-ийг дүүргэж, тайз, дэлгэцийн бүтээлүүдээрээ олонд танигдсан. Тодруулбал, тэрбээр “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж“, “Дурлахгүйгээр үнсэлцье” жүжгийн гол болон туслах дүрд тоглож, “Бодлын хулгайч“, “Үргээлэг” киноны продюсероор ажилласан. Хожим уул уурхайн салбарт хөл тавьсан, өдгөө бизнесийн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй юм. Ж.Баясгалан сүүлийн жилүүдэд хөгжлийн ялгаатай иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн хүртээмж, оролцоог сайжруулахад анхааран ажиллах болсон.
Сонгогчид тэдэнд бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж дугарна гэдгээ бодолцож боловсрол, хүртээмж, эрүүл мэнд зэрэг суурь асуудал руу орж ажиллахыг эртнээс захиж буй.