Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан ихээхэн дуулиан шуугиантай болж өнгөрлөө. Уг хуралдаанаар 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа.
Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор баталлаа.
Нэр дэвшигчдийн 50-д хувь нь өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн төлөөлөл байна. Хуульч, эдийн засагч, багш, эмч, шинжлэх ухааны судлаач гэсэн мэргэжлийн төлөөлөл жин дарж байна. Нэр дэвшигчдийн дундаж нас 45, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 50, шинээр нэр дэвшиж буй залуучууд 50 хувийг эзэлж байгаа юм.
Сүүлийн найман жилийн төрийн буруу бодлогын алдааг засах, сүйрлийн ирмэгт ирсэн улсаа хөл дээр нь бат зогсоох бүрэлдэхүүнээ тодорхойлов. Ингэхдээ нэр цэвэр, шинэ залуу, мэдлэг, боловсролтой нэр дэвшигчдээр багаа бүрдүүлэхийг зорьжээ. Нэр дэвшигчдийг тодруулахдаа фракцын нөлөөнд автаагүй, мөнгөтэй бүлэглэлийн шахалтад ороогүй боловсрол өндөр, нэр цэвэр шинэ залуучуудыг сонгосон гэж намын удирдлага мэдэгдэж байна.