Хөвсгөл аймгийн төв Мөрөн Монголын хамгийн олон хүн амтай сумуудын нэг. Мөн зундаа хамгийн олон жуулчин, амрагч хүлээн авдаг. Тиймээс ч 1940 оноос үүссэн Элстийн ар уулын хог хаягдлын талбай нь томорсоор 169 га талбайд хүрч, аймгийн төвийн оршин суугчидтай залгаа шахуу болжээ. Тэвштэй том оврын машин далд орох дайны хогон уул овоонуудын өмхий үнэр, хорт утаа газар авч, нохой шувуу нь дийлдэхээ больжээ. Тиймээс Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, БОАЖЯ-тай хамтран хогийн цэгийн тархсан талбайг хумих, цэгцлэх ажлыг энэ сард эхэллээ.
Хог тархсан талбайг ландфилл аргаар дарах, хумих ажлыг 20 гаруй ажилтан, том оврын 16 техник хэрэгсэл, хувийн хэвшил, нутгийн иргэдийн тусламжтай 05 сарын 15-наас зохион байгуулаад байна.
Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав энэ талаар ярихдаа “Хөвсгөл аймагт ул суурьтай шийдэх асуудлын нэг нь хог хаягдал болж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой хамт авч явах асуудал яах аргагүй энэ. БОАЖЯ, Б.Бат-Эрдэнэ сайдаас энэ чиглэлээр дэмжлэг хүссэнийг хүлээн авч, зарим санхүүжилтийг шийдэж хамтран ажиллаж байна. Манай аймагт хогны гол эх үүсвэр нь нэг удаагийн сав, баглаа боодол болж байна. Тиймээс ангилан ялах, дахин ашиглахад анхаарах нь чухал байна” гэлээ.
Эрдэнэтийн үйлдвэрээс том оврын бульдозер, ковш зэрэг хүнд даацын техник гаргуулж Элстийн арын хогийн цэг дээр ажиллуулж байгаагаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахимдаа бичжээ. Хөвсгөл аймгийн зөвхөн Хатгал тосгоноос наадмын өдрүүдэд аялагчид буцах үеэр 30 гаруй тонн хог гардаг байна.