Нийслэлийн МАН-ын хорооны хоёрдугаар ээлжит хуралдаан өнгөрсөн бямба гарагт болж, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг даргаараа сонгов. Өмнөх дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан аж. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар “Удирдах зөвлөлөөс намайг нэр дэвшүүлэхдээ нийслэлийн Засаг дарга нь намын хороогоо удирдах нь зүйтэй гэж үзсэн. 40 хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа үед намын хороогоо удирдахаар болж, өндөр хариуцлага хүлээж байна. Өнгөрсөн сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, удахгүй танилцуулах мөрийн хөтөлбөртэй холбоотой бэлтгэл ажлууд бий. Манайх 74 мянган гишүүнтэй, МАН-ын хамгийн том хороо. Намын эв нэгдлийг хангаж, сонгуулийн штабуудыг богино хугацаанд зохион байгуулалтад оруулан, амжилт гаргахын төлөө ажиллана” гэв.