Нийслэлийн төв талбайд зохион байгуулж буй номын баярт Сонгуулийн ерөнхий хорооныхон оролцож, санал авах загвар байр, сургалтын саналын хуудсыг танилцуулж байна. Сонгогчид сургалтын саналын хуудас бөглөж, “хар машин”-д уншуулах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг сонирхох боломж бүрдүүлжээ. УИХ-ын энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Иймд сонгогчид саналын хоёр хуудас бөглөн, төхөөрөмжид уншуулах учиртай. Туршилтын саналын хуудасны нэгэнд пропорционал буюу хувь тэнцүүлсэн хэлбэр болох нам, эвслүүдийн нэрийг жагсаан бичсэн байна. Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа авсан 25 нам, эвслийг үүнд Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бичсэн байх агаад сонгогч зөвхөн нэгийнх нь өмнөх дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж, санал тоолох төхөөрөмжид уншуулна. Улсын хэмжээнд төдийгүй гадаадад байгаа сонгогчдын хувьд нам, эвслийг сонгох “жинхэнэ” саналын хуудас нь ийм байх тул энэ өдрүүдэд загвар байраар зочилсон хүмүүсийн хувьд мэдлэг, туршлага нэмэх биз ээ.
Харин тойрогт нэр дэвшигчдийн хуудсыг таван хүний нэрийг сонгох байдлаар бэлджээ. Мэдээж аль тойрог, ямар хүмүүс нэр дэвших талаарх мэдээлэл туршилтын хуудсанд үгүй. Зарим тойрогт 10 нэр дэвшигчийг сонгох тул сонгогчид саналын хуудасны эл загварыг илүүтэй сонирхон, сайтар танилцаж буй нь анзаарагдаж байлаа.
Бэлтгэсэн Б.Уран