Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улс /БНКУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр БНКУ-ын Нийтийн эрүүл мэндийн яамны тэргүүн дэд сайд Таниа Круз Эрнандезтай уулзав. Хоёр талын харилцааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцжээ.
Элчин сайд, тэргүүн дэд сайд нар анагаах ухааны чиглэлээр суралцаж буй монгол оюутнуудыг ахисан түвшинд нарийн мэргэжлээр суралцуулах, Кубын шилдэг эмч мэргэжитнүүдийг гэрээгээр ажиллуулах, дэлхийд танигдсан эм, эмийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцахын зэрэгцээ хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлж, яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгохоор харилцан тохиролцов.