Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.
Хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Д.Ганбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүд асуулт, хариулт авч дууссаны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 52,5 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.