“Health transformation” клуб болон эмч нарын төлөөлөл эрүүл мэндийн салбарын асуудлаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэд эрүүл мэндийн салбарынхан уялдаа холбоогүй ажилладгаас иргэдийг бухимдуулж буйг дурдаад, үүнийгээ өөрчлөхгүй байж Эрүүл мэндийн яамныхан цахим эрүүл мэндийн талаар орон нутагт сургалт хийж явааг шүүмжилсэн юм. Эрүүл мэндийн салбар цахим 38 программтай ч үүнийгээ бүрэн ашигладаггүй, хийсэн ажлуудаа хоорондоо солилцож чадахгүй устгачихдаг гэв. Хуралд оролцсон эмч Н.Болдбаатар “Эрүүл мэндийн салбар авлига гэсэн “хорт хавдар”-тай болсон. Эрүүл мэндийн яам болон эмнэлгийн дарга нарыг тойрсон авлига ихэслээ. Эмийн сонсголоор авлигын зөвхөн нэг хэсгийг л ил болгосон. Сүүлийн найман жилд эрүүл мэндийн салбар ухарлаа. Салбарын жилийн төсөв дунджаар 1.9 их наяд төгрөг. Эрүүл мэндийн даатгалын сан томоохон эмнэлгүүдэд 17 тэрбум төгрөгийн өртэй. 60 тэрбум төгрөгийн авлагатай байна. Энэ салбарт тогтолцооны гажуудал нүүрлэсэн. Жишээ нь, 330 сумын 50 хувьд 80 сая төгрөгөөр “Ниссан” загварын суудлын автомашин нийлүүлсэн. Энэ нь зориулалтын бус, одоо үйлчилгээнд явахгүй байгаа, сэлбэг нь үнэтэй” гэв.