УИХ-ын сонгуульд бие даан оролцохоор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлсэн 77 хүний наймынх нь материалд засвар хийлгэхээр буцаасан байсан. Тэгвэл тэдний мөрийн хөтөлбөртөө засвар хийж, хуульд нийцүүлэх хугацаа өчигдөр дуусгавар болов. Манай сонины дугаар шилжих мөчид долоон бие даагч мөрийн хөтөлбөрөө ҮАГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу засаж, дахин хүргүүлсэн байлаа. ҮАГ-аас тэдний материалыг хянаад энэ сарын 26-наас өмнө СЕХ-нд хүргүүлэх юм.
Хэдийгээр “намгүй хүмүүс”-ийн мөрийн хөтөлбөрийг нам, эвслийнхнээс сарын дараа хүлээж авсан ч нэр дэвшүүлэх ажиллагаа нь адилхан өчигдрөөс эхэлсэн. Тэд СЕХ-ноос баталсан маягтын дагуу нэр дэвших тойргийнхоо 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсгийг цуглуулах учиртай. Ингэхдээ А4-өөс хэтрэхгүй хэмжээтэй танилцуулах хуудсаа тарааж болохоор хуульд заажээ. Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 20-нд дуусах учраас бие даагчид үүнээс өмнө амжиж дээрх тооны “дэмжигч”-ийг олох ёстой болж байна.