АН, МУНН, МСДН, Монголын хүний төлөө зэрэг улс төрийн намынхан хамтран СЕХ-нд сонгуулийн үеэр гарч болзошгүй луйвар, булхайг хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа өчигдөр хүргүүллээ. Тэд өмнөх сонгуулиудын үеэр гарсан булхай, луйврын тухай гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд ийм зөрчлийг дахин давтуулахгүйн тулд ямар шийдэл хэрэгжүүлэх тухай санал боловсруулсан юм байна. АН-ын дэд дарга, шударга сонгууль явуулах зорилготой ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа “2020 оны сонгуулийн дараа ТЕГ-т 202 гомдол, санал ирүүлсэн юм билээ. Гэвч хэрхэн шийдвэрлэж, хэнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй байна. Нэг сонгогч нэг л удаа санал өгдөг байх хяналтыг бий болгох хэрэгтэй. Тиймээс хурууны хээгээ уншуулсан хүн өөр хэсгийн хороонд дахин санал өгөх гэж оролдвол таньж, дохиолол дуугардаг технологийн шийдэл чухал” гэв. “Мидас” ТББ-ын тэргүүн С.Энхжаргал “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналтын сүлжээ 2012 оноос хойших сонгуульд ажилласан. 2017 оны сонгуулиар хоёр өөр регистрийн дугаартай сонгогчийг илрүүлж байсан. Сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой будилаан их гардаг. Тиймээс цаашид хурууны хээний давхцлыг шалгах шаардлагатай” хэмээн сануулсан юм. Тэдний шаардлага, саналыг хүлээж авсан СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Сонгууль зохион байгуулахдаа нээлттэй байж, бүх талтай хамтарч ажиллана. Гол нь сургаар, ерөнхий зүйл ярих биш, баримттай гомдол, санал гаргах нь чухал. Эргэлзээтэй мэдээлэл, гомдол бүрийг бид шалгаж, мухарлах болно. Сонгуулийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэрийн жагсаалттай холбоотой хэд хэдэн асуудлыг цэгцэлсэн. Улс төрийн нам, эвслүүдэд хоёр удаа сонгогчдын нэрийн жагсаалтыг илгээнэ, тэдэнд мэдээллийг нягтлах боломж олгож буй юм. Мөн мэдээллийн нэгдсэн сантай болсон учраас хурууны хээгээ давтан уншуулсан нөхцөлд илрүүлэх боломжтой” болсон гэв.
УИХ-д 126 гишүүн сонгоно, мөн тойргийг томсгосон зэргээс хамааран саналын хуудас дээр бичих нэр дэвшигчдийн тоо нэмэгдсэн. Улмаар саналын хуудсыг бөглөх, уншуулах хугацаа сунахаар байгаа тул босоо ширээ байрлуулж, саналаа шуурхай өгөх боломжийг залууст олгох, хэсгийн хороодын гадна дэлгэц байршуулж, сонгогчдод хэдэн хүний нэр дугуйлахтай холбоотой мэдээлэл тогтмол олгохыг тэд санал болгож буй аж. Түүнчлэн нас барсан иргэдийн нэрийг сонгогчдын жагсаалтаас хасдаггүй, сурталчилгаа эхлээгүй байхад зөвхөн танхимдаа тайлангаа тавих ёстой Ч.Номин сайд Сонгинохайрханд, Н.Учрал сайд өмнө нь сонгогдоогүй Сүхбаатар дүүрэгт материалаа тарааж буй нь хууль зөрчсөн үйлдэл хэмээсэн юм.
Бэлтгэсэн С.Уул