Хачигт халдварын байгалийн голомт идэвхэжсэнтэй холбоотойгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийнхөн Улаанбаатар хотын ойр орчимд буюу Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутагт тандалт судалгаа хийжээ. Уг судалгаа нь хачгаар дамжих халдвар үүсгэгчийн тархалтыг тогтоох зорилготой аж. Үүний хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр, Жаргалантын Хустайн амнаас ойн улаан хачгийн тархалтын цэг шинээр илрүүлжээ. Мөн хоёр зүйлийн 353 хачигт халдварт өвчний үүсгэгч тодорхойлох молекул биологийн шинжилгээ хийхээр дээж цуглуулсан байна. Уг шинжилгээ өдгөө үргэлжилж буй гэнэ.
Хачигт халдварын байгалийн голомт нь 4-10 дугаар сард идэвхэждэг бөгөөд дээрх хугацаанд ойд аялж зугаалах иргэд сэрэмжтэй байх, ялангуяа хачигт хазуулсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах нь зүйтэйг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа. Мөн ой бүхий бүс нутагт байнга ажиллаж, амьдардаг иргэд хачигт энцефалитын вакцин хийлгэхийг зөвлөв. Манай орны найман аймгийн 17 сум уг өвчний байгалийн голомттой гэнэ. Үүнд Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг ой бүхий аймгийн нутаг дэвсгэр хамаардаг юм байна.
Бэлтгэсэн М.Оч