Архангай аймгийн Цэцэрлэг сумаас хойд зүгт малчин Г мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болсон гэх дуудлага энэ сарын 9-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд тухайн иргэнийг дөрөв хоног эрэн хайсан байна. Харамсалтай нь, уржигдар 15.30 цагт Идэр голоос талийгаачийн цогцсыг олжээ. Мөн эл өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Туул голын усанд хүн осолдсон дуудлага онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, хаяг тодорхойгүй эмэгтэй хүний цогцос голын салаанд тогтсон байсныг аврах завь ашиглан гаргажээ.
Ташрамд дуулгахад, улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 125 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Тэдгээрийн улмаас найман хүн нас барж, долоон иргэн гэмтжээ.
Бэлтгэсэн Ч.Болор