“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”, “Цахим өртөө холбоо”, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл өчигдөр хэвлэлийнхэнд хандав. Тэд УИХ-ын сонгуулийн тухай хууль гадаадад суугаа 200 гаруй мянган иргэний сонгох эрхийг зөрчиж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ. Дээрх байгууллагуудын төлөөлөл болсон зургаан иргэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулиар олгосон тэгш сонгох эрхийг зөрчиж байна гэдэг үндэслэлээр Цэцэд мэдээлэл гаргасан юм байна.
“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын гишүүн Б.Мөнхдөл “УИХ-ын сонгуулийн тухай хуулиар гадаад улсад байгаа сонгогч санал өгөхтэй холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан. Уг зүйлийн зургаадугаарт “Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн энэ хуулийн 59.4.2.-т заасан хэсэгт саналаа өгнө” гэж заасан байдаг. Үүгээр зөвхөн УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх буюу нам, эвслийг сонгох замаар эрхээ эдлэхээр хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Э.Энхтуяа бидний мэдээллийг хянаад, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан. Уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Цэцэд дахин хандана” гэв. Цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг үндэслэн маргаан үүсгэх, эсэх талаар гаргасан Цэцийн гишүүний шийдвэрийг гурван гишүүний бүрэлдэхүүнтэй бага суудлын хуралдаанаар хэлэлцэхээр холбогдох хуульд заасан байдаг.