-Өнгөрсөн онд 611 охин үр хөндүүлжээ-
Монголчуудын эрүүл мэндийн, тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол доогуур түвшинд буйн нэг илрэл нь насанд хүрээгүй охид жирэмслэх, төрөх, үр хөндүүлэх, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх тохиолдол буурахгүй байгааг илэрхийлэх тоо юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээнээс харахад өнгөрсөн онд улсын хэмжээнд 12 197 эмэгтэй үр хөндүүлжээ. Тэдний 40 нь 10-14, 571 нь 15-19 настай аж. Мөн 63 915 эх амаржсаны 24 нь 10-14 настай хүүхэд байжээ. Түүнчлэн 15-19 настай 2074 охин хүүхэд төрүүлсэн байна. Харин 2022 онд улсын хэмжээнд 13 068 эмэгтэй үр хөндүүлсний 41 нь 10-14, 587 нь 15-19 настай байж. Тухайн онд 65 098 эмэгтэй төрсний 2408 нь 10-19 буюу өсвөр насныхан. Үүнээс харахад жилд 15-аас доош насны 40 орчим охин үр хөндүүлж байна. Эдгээр нь зөвхөн бүртгэгдэж буй тохиолдол. Үүнээс гадна үр зулбуулах эмийг замбараагүй хэрэглэх болжээ.
Эмэгтэйчүүдийн хувьд 19-49 насыг нөхөн үржихүйн буюу төрөх нас гэж үздэг. Гэтэл дөнгөж 10-тай охин үр хөндүүлж, эсвэл хүүхэд төрүүлж байна. Өсвөр насны хүүхдүүд жирэмсэлж, төрөх, үр хөндүүлэх нь бие махбод, сэтгэл зүйд нь асар их хохирол учруулдгийг эрүүл мэндийн байгууллагынхан хэлдэг. Харамсалтай нь, 10-19 насныхан ээж болох тохиолдол жилээс жилд нэмэгдэж байна. Ийм насны эмэгтэйчүүд жирэмсэн үеийн болон төрсний дараах хүндрэлээр өвдөх эрсдэл өндөр байдгийг эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар анхааруулсан. Энэ насныхан жирэмсний хяналт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудалд бие даан шийдвэр гаргах боломж хомс, мэдлэг, мэдээлэл багатай байдаг аж. Тэр ч бүү хэл, өсвөр насны охид жирэмсэн болсноо мэдэхгүй, эсвэл нууж явсаар үр хөндүүлэх боломжгүйд хүрдэг гэнэ. Боловсролын болон орлогын түвшин бага улс оронд охид жирэмслэх нь элбэг гэх олон улсын судалгаа бий. Охид хүсээгүй үедээ бэлгийн хавьталд орохоос татгалзах, эсэргүүцэх, хамгаалалт хэрэглэх талаар хэлж чадахгүй байх зэргээс шалтгаалж жирэмслэх тохиолдол түгээмэл аж. Өсвөр насандаа ийм эрсдэлтэй алхам хийж буй охидын цөөнгүй нь бэлгийн хүчирхийллийн золиос болсон байдгийг эмч нар хэлдэг. ДЭМБ-аас хийсэн 2019 оны судалгаагаар охидын жирэмслэлтийн 55 орчим хувь нь үр хөндөлтөөр төгсдөг байна. Харин бусад нь хүүхдээ төрүүлж, ихэвчлэн ганцаараа өсгөдөг гэнэ. Үүний цаана охидыг жирэмслүүлсэн, үр хөндөхөөс өөр аргагүй байдалд оруулсан эрэгтэйчүүд бий. Гэвч ихэнхдээ охид буруудаж, биеийн болон сэтгэцийн эрүүл мэндээрээ хохироод үлдэж байна.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих төвийн охидын эмч А.Алтанцэцэг “Манай төв нийслэл болон орон нутгийн өсвөр үеийн охидод нөхөн үржихүйн эрүүл мэндийн бүхий л төрлийн тусламж үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, биеийн өсөлт хөгжлийн онцлог, охидын тулгамдсан асуудал, нөхөн үржихүйн үзлэг, оношилгоо хийж, хянаж, зөвлөгөө өгдөг юм. Насны байдлаас хамаарч охидод тохиолдох эмгэг харилцан адилгүй. Бэлгийн бойжилтын үед сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, өвдөх зэрэг шалтгаанаар эмнэлэгт хандах нь түгээмэл байдаг. Мөн сарын тэмдэг үзэгдэхгүй байх шалтгаанаар ч манайд ханддаг. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай төвд нийт 924 охин ирж, эмчилгээ, үйлчилгээ авчээ. Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлттэй холбоотойгоор хандах нь ч цөөнгүй. Тухайн нөхцөл байдалтай уялдаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг шат дараалалтай үзүүлдэг юм” гэв. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол сайтай байх нь өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс хамгаалах гол “зэвсэг” хэмээн А.Алтанцэцэг хэлсэн. Тиймээс өсвөр үеийнхний эрүүл мэндийн мэдлэг олгох сургалтыг мэргэжлийн хүмүүс тасралтгүй явуулах хэрэгтэйг онцолсон юм. Ялангуяа сургуулийн эмч, нийгмийн ажилтан, өсвөр үеийн клиникийн эмч, сэтгэл зүйч нартай хамтарсан сургалтыг сурагчдад явуулах нь илүү үр дүнтэйг тэрбээр дуулгав.
Манай улс жирэмсний гурав хүртэлх сартайд үр хөндүүлэхийг хуулиар зөвшөөрдөг. Үүнээс дээш сартай тохиолдолд заавал эмчийн зааврын дагуу, зөвшөөрөл бүхий эмнэлэгт мэс ажиллавар хийдэг байна. Тухайлбал, өсвөр насныхны үр хөндүүлэх ажиллаврыг голдуу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийдэг ажээ. Ингэхдээ тухайн хүүхдийн нас болон жирэмсний хугацааг харгалзан үздэг байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас жирэмсэн болсон тохиолдолд эмч үзэж, зөвлөгөө өгсний дараа цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хамтарч ажилладаг гэнэ.
Томчуудын амьдралд өсвөр насныхан эрт хөл тавьсны нэг балаг нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин юм. Өнгөрсөн онд бэлгийн замаар дамжих халдвар авсан хүмүүсийн 18 хувь нь 15-19 насны хөвгүүд байж. Харин эл халдварт өвчнөөр өвдсөн эмэгтэйчүүдийн 14 хувь нь 15-19 насны охид. ДЭМБ болон БШУЯ, ЭМЯ, ХНХЯ зэрэг байгууллагынхны хамтарсан “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023”-т дурдсанаар ойролцоогоор таван сурагч тутмын нэг нь бэлгийн хавьталд орж үзсэн байжээ. Үүний гол шалтгааныг хүүхдүүд “Миний бүх найз бэлгийн хавьталд ороод үзчихсэн учраас” гэж тайлбарлажээ. Бэлгийн хавьталд орсон дөрвөн суралцагчийн нэг нь 14-өөс доош насандаа анх удаа бэлгийн харилцаанд орсон гэж хариулсан байна. Зарим нь хоёр ба түүнээс олон хүнтэй бэлгийн хавьталд орсон гэжээ. Тэдний дөнгөж 3.4 хувь нь бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч болон жирэмслэхээс сэргийлэх бусад төрлийн эм, хэрэгсэл хэрэглэсэн гэнэ. Өсвөр насныханд тулгамдаж буй эрүүл мэндийн гол асуудал нь бэлгийн бойжилт, бэлгийн харилцаа, зан үйлтэй холбоотой байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан зөвлөсөн.
Томчуудын амьдралд өсвөр насныхан эрт хөл тавьсны нэг балаг нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин юм. Өнгөрсөн онд бэлгийн замаар дамжих халдвар авсан хүмүүсийн 18 хувь нь 15-19 насны хөвгүүд байж. Харин эл халдварт өвчнөөр өвдсөн эмэгтэйчүүдийн 14 хувь нь 15-19 насны охид.
“Өсвөр насны хүүгээ айлын охиныг хөл хүнд болгочих вий гэж цагдаж хориод байтал охин минь жирэмсэн болчихсон байсан” гэж нэгэн танил минь ярьж билээ. Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн сөрөг үр дагаврыг сайтар тайлбарлахгүйгээр “болохгүй” гэж муйхраар зүтгэх нь оновчтой шийдэл биш аж. Дээрх судалгаанаас үзэхэд 14-өөс доош насныхан бэлгийн харилцаанд хэдийн орчихсон байна. Хүүхдэдээ бэлгийн боловсролын талаар аль болох багаас нь зааж сургаж, зөв мэдээллээр хангаж, өөрийгөө хамгаалах мэдлэгтэй болгохгүй бол оройтохоор дүр зураг харагдана. Өсвөр насны охид, хөвгүүдээ эрсдэлээс хамгаалахад гэр бүлийнхнийх нь үүрэг, хариуцлага их. Хүүхдүүд ам дамжсан худал мэдээлэлд итгэж эрсдэлтэй алхам хийснийг дээрх судалгаа баталж буй. Үе тэнгийнхэн нь бүгд бэлгийн харилцаанд орж үзсэн, байдаг л зүйл мэтээр буруу ойлгосноос биш, дараа нь гарах эрсдэл, сөрөг үр дагаврыг тооцоолж чадахгүй байна. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг чанартай болгох шаардлага хэдийн тулгарчээ. Хэдийгээр хүүхдүүдэд эрүүл мэндийн хичээл заадаг гэх нэртэй ч ачир дээрээ чанартай боловсрол олгохгүй байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн багш байхгүй учраас ангийнх нь багш, эсвэл сургалтын менежер эл хичээлийг зааж буй юм. Ингэж ор нэрийн төдий ордгоос болж сурагчид нөхөн үржихүйн боловсрол олж авалгүйгээр сургуулиа төгсөж байна. Ялангуяа бага ангид эрүүл мэндийн хичээлийг хойш тавьж, математик, монгол хэлтэйгээ зууралдсаар байгаад тардаг нь түгээмэл. Дунд ангийн эрүүл мэндийн хичээлийн сурах бичгийн агуулга тийм ч муу биш юм билээ. Гэвч агуулгынх нь дагуу мэргэжлийн багш заахгүй, сургалтын менежер юм уу, эсвэл биеийн тамирын багш нь орсон болоод өнгөрдөг нь хүүхдүүдийг хохироож байна.
Хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгоход олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагынхан л санаа тавьж ирсэн гэхэд болно. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулиудад охидод зориулсан ариун цэврийн хэрэглэлийн автомат машин суурилуулах, сургалт зохион байгуулах гээд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн сургагч багш нар орон нутгийн болон нийслэлийн сургуулийн өсвөр насны сурагчидтай уулзаж, жирэмслэхээс хамгаалах эм, тариа, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх сургалт зохион байгуулдаг ажээ. Бие махбод, сэтгэл зүйн хувьд “бүтэн” ирээдүйг бүтээхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг чанартай олгох хэрэгтэй байна. Үүнд харьяа яам, тамгын газрынхан анхаарал хандуулна уу.