АН-ын дэд дарга, шударга сонгууль явуулахтай холбоотой тус намаас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа баасан гарагт мэдээлэл хийв. Сонгуулийн үеэр хийсэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг шалгуулахаар тус ажлын хэсгээс Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүлсэн аж. УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө 230 мянган иргэн шилжсэн бол энэ оны эхний дөрвөн сард уг тоо 70 100 болсон байна. Тэрбээр “2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн шилжсэн 230 мянган хүний 196 мянга нь нэгдүгээр сард “нүүсэн”. Ганцхан сард 200 мянга орчим хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь сэжигтэй байгаа юм. 2024 оны эхний дөрвөн сард шилжсэн хүмүүсийн тоо өмнөх гурван жилийнхээс15 мянгаар илүү байна. Тиймээс энэ шилжилт хөдөлгөөн бодитой юу, мөн ямар нэг дарамт шахалтын улмаас аливаа байгууллагад ажилладаг иргэд бөөнөөрөө хөдөлгөөн хийсэн үү гэдгийг тогтоох шаардлагатай” гэлээ.
Мөн 2020 оны сонгуулийн дараа олон гомдлыг Тагнуулын ерөнхий газарт өгсөн ч хэн нэг нэр дэвшигчтэй хариуцлага тооцоогүй гэдгийг тэрбээр хэлэв. Гэвч төрийн эрхийг хууль бусаар авах, авахыг завдах үйл явцтай тэмцэх ёстой гэж АН үзэж буй аж.