УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа маргааш эхэлж, энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ. Энэ долоо хоногийн хугацаанд улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нар дээрх ажиллагааг явуулж, бэлтгэлээ базаах ёстой. Бие даан нэр дэвшихээр зэхэж буй хүмүүсийн тухайд горилж буй тойргийнхоо 801-ээс доошгүй тооны сонгогчоос гарын үсэг цуглуулах нь хамгийн чухал бөгөөд хүндхэн даваа байдаг. Тэд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад сонгогчийн эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарын хамт гарын үсгийг нь зуруулахыг хуулиар шаардаж буй.
Тэгвэл энэ удаагийн сонгуулиар бие даан нэр дэвшигчид 801 хүний гарын үсгийг цахимаар цуглуулах боломж бүрдүүлсэн байна. Тодруулбал, дэмжигч, сонгогчдын бүртгэл, гарын үсэг цуглуулах ажиллагааг www.e-election.mn цахим системээр хийж, нэгтгэх гэнэ. Үүний сацуу урьдын адил уламжлалт аргаар буюу сонгогчидтой нүүр тулж уулзан гарын үсгийг цуглуулах боломж нь ч хэвээрээ юм.