АН-аас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд албан шаардлага хүргүүлж буйгаа “4:11”-ээрээ мэдээлэв. УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбоотойгоор эрх баригчдын зүгээс ямар ч хамаагүй аргаар ялалт байгуулах хар технологи ашиглаж эхэлсэн хэмээн тэд мэдэгдлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар нэгэн зэрэг захиалгат нэвтрүүлэг цацаж буйг сөрөг хүчнийхэн буруутгав. Ийм татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн хар мэдээ, мэдээлэл болгон цацахаа зогсоохыг шаардан албан бичиг хүргүүлж буй аж. Хариуг нь хоёр хоногийн дотор ирүүлэхийг шаардлаа.
Шаардлагад “Тус телевиз тавдугаар сарын 7-нд “Системийн авлига” хэмээх улс төрийн агуулгатай нэвтрүүлэг түгээсэн нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 4.4.1-т “Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах, иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтална” гэж заасныг зөрчсөн гэж дурдсан байна.