Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 2024 оны драфтыг “UG аrena”-д анх удаа зохион байгууллаа. Үүнд эрэгтэй 144, эмэгтэй 57 тамирчин өрсөлдсөн. Дээрх үйл ажиллагаа хоёр тойрог үргэлжилж, эрэгтэй 20, эмэгтэй 10 тамирчин дээд лигт элссэн байна. Багууд 2023-2024 оны улиралд эзэлсэн байраараа драфтын сонголт хийсэн юм. Драфтын тэргүүн сонголт нь “ТЛЖ тин” (эрэгтэй), “Старс” (эмэгтэй) баг байв.
Эрэгтэй тамирчдын драфтын нэгдүгээр тойрогт 144 тамирчин нэрээ өгснөөс “ТЛЖ тин” багийнхан Тайванийн CTBS бизнес сургуулийн оюутан 21 настай, 194 см-ийн өндөр М.Чинхутагийг сонгосон. Тэрбээр Тайванийн оюутны лигийн I дивизионд тоглодог. Энэ жил 3х3 сагсан бөмбөгийн бүх Тайванийн оюутны АШТ-д түрүүлсэн юм. Хоёр дахь сонголт нь өсвөр үеийнхний УАШТ-ий дөрвөн түрүүтэй, “Рояаль” олон улсын их сургуулийн оюутан М.Ивээлт. 19 настай, 184 см-ийн өндөр тэрбээр “Дархан юнайтед” багт нэгдэв. Гурав дахиар нь “Отгонтэнгэр” их сургуулийн оюутан, 29 настай, 181 см-ийн өндөр М.Даваадорж сонгогдож, “Завхан бродерс” багт очлоо. Дөрөв дэх нь Төмөр замын дээд сургуулийн оюутан Б.Хурцбаатар. 22 настай, 185 см-ийн өндөр тэрбээр “Сэлэнгэ бодонгууд” багт хөл тавьжээ.
Тав дахь нь “Рояаль” олон улсын их сургуулийн оюутан, 19 настай, 180 см-ийн өндөр Т.Тэмүүлэн. Тэрбээр “Налайх бизон” багийн босгоор алхаад байна. Зургаа дахь нь МУИС-ийн оюутан, 21 настай, 190 см-ийн өндөр П.Буян-Арвижих. Түүнийг “BCH garid” багийнхан сонгожээ. Долоо дахь нь Тайванийн CTBC сургуулийн оюутан, 19 настай, 180 см-ийн өндөр Б.Шинэбаяр. Тайванийн оюутны лигийн I дивизионд тоглодог тэрбээр “IHC apes” багийн “шинэ цэрэг” болов.
Найм дахь нь СЭЗИС-ийн оюутан, 21 настай, 180 см-ийн өндөр Ч.Баяртогтох. Арав дахь нь “Олонлог” академийн сурагч, 18 настай, 190 см-ийн өндөр Э.Мөнхбилэг. Ерөнхий боловсролын сургуулиас дээд лигт дэвшиж буй түүнийг “Хасын хүлгүүд”-ийнхэн ирээдүйтэй хэмээн онцолж, эгнээнд багтаалаа. Дараагийн удаад бид эмэгтэйчүүдийн драфт болон, II тойргийн сонголтыг цувралаар хүргэх болно.