Архангай аймаг “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Малчин кэмп” хөтөлбөр санаачилжээ. Үүнийг тус аймгийн ЗДТГ, “Эртний нүүдэлчдийн холбоо” аялал жуулчлалын холбоо хамтран хэрэгжүүлэх юм байна. Дээрх хоёр байгууллагынхан хөтөлбөрт оролцох 60 малчин өрхийг өнгөрсөн сард сонгон шалгаруулж, чадавхжуулах сургалтад хамруулсан аж. Харин аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан энэ долоо хоногоос сонгогдсон айлуудаа тохижуулж, жуулчдыг хүлээж авах бэлтгэлээ базааж байгаа гэнэ.
Түүнчлэн тус аймаг “Аяллаа Архангайгаас”, “100 мянган ямаа” зэрэг санаачилгыг гаргаад буй юм байна. Үүнийхээ хүрээнд модон жорлонгүй аймаг болох, 3000 орчим байршуулах хэрэгсэл бэлдэх, нутгийн иргэдийн оролцоо, амьжиргааг дэмжсэн аялал жуулчлалыг системтэйгээр хөгжүүлэх, Монголын анхны чингэлгэн цэцэрлэгт хүрээлэн болох “Ара комплекс”-т спорт, урлаг, өв соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин “Малчин кэмп” хөтөлбөр нутгийн иргэдэд түшиглэсэн жуулчлалыг хөгжүүлж, өв соёлоо сурталчлан таниулахад чухал хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.
Бэлтгэсэн Н.Мишээл