УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Сюзанне Сискел, тус сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор нарыг өчигдөр хүлээн авч уулзав. УИХ-ын Тамгын газар, Азийн сантай хамтран 2017 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, 2021 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хэд хэдэн ажлыг хэрэгжүүлсэн байна. Тэгвэл өчигдөр санамж бичгийг шинэчлэн байгуулж, гарын үсэг зурсан аж. Сюзанне Сискел “Өөрчлөгдөн хувьсаж буй энэ цаг үед Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх чиглэлд жишиг болж байна” хэмээн тэмдэглээд, хамтын ажиллагаагаа өргөжүүлсний үр шимийг Монголын нийт ард иргэд хүртэнэ хэмээн найдаж буйгаа хэлэв. Энэ удаагийн санамж бичигт таван чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ.
Парламент бүтцээ өргөжүүлж 126 гишүүнтэй болж буйтай холбоотой УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулиудыг шинэчлэн баталж буйг ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат танилцуулсан байна. Мөн эдгээр хуулийн хүрээнд Монголын парламентын музей байгуулах санаачилгыг Азийн сан дэмжинэ гэдэгт итгэж байна гэжээ. Талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг бүрэн гүйцэтгэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа харилцан илэрхийлсэн байна.
Бэлтгэсэн С.Уул