Дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулсан “Хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр” өдөрлөг Сүхбаатарын талбайд өчигдөр боллоо. Энэ нь олон нийтэд хүмүүнлэгийн үйлсийг таниулан сурталчлах зорилготой аж. Өдөрлөгийн хүрээнд 10 орчим асрыг төв талбайд барьжээ. Баруун талын эгнээнд үндэсний хувцас борлуулж, хүмүүнлэгийн үйлстнүүдийн гэрэл зургийн үзэсгэлэн болж байв. Мөн Улаан загалмай нийгэмлэгийн гишүүнээр бүртгэх асар ч бий. Гол тайзны баруун хажуу дахь асарт анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар заавар, зөвлөгөө өгч байлаа. Ухаан алдсан хүнтэй тааралдсан үед яаж туслах, зүрх нь зогссон бол хиймэл амьсгал яаж хийх зэргийг тэнд зааж байв. Мөн гал гарсан үед унтраах төхөөрөмжийг хэрхэн ашиглах, утаажилтын бүсээс аюулгүй гарах мэдлэгийг олгоно. Хүмүүс олноороо дугаарласан асар нь дотрын эмчийн ЭХО, үзлэг, зөвлөгөөнийх юм. Тэнд ахмад настнуудын цусны даралтыг үзэж, зөвлөгөө өгч байлаа.
Төв талбайд “улаан цэцэгс” дэлгэрсэн нь хүмүүнлэгийн үйлстнүүд флаш моб хийхээр бэлтгэж буй нь. Тэнд Улаан загалмай нийгэмлэгийн 100 гаруй гишүүн байв. Олонх нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Хичээлээ тараад өдөрлөгт нэгдэхээр яаран ирсэн нэгэн ч байна. Бүжгээ ойрын үед шаргуу бэлдсэн гэнэ. Тэд уржигдар цугларцгаан флаш мобоо бэлдэж, хөдөлгөөнөө жигдрүүлсэн аж.
Бэлтгэсэн А.Үүл