Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлагийн хамтарсан багийнхан манай улсад ажиллаж байна. Олон улсын багийнхан хавдрын тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чадамжийг тогтоох, хяналтын чиглэлээр цогц үнэлгээ хийх аж. Эрүүл мэндийн яамны урилгаар 15 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн уг багийнхан Хавдар судлалын үндэсний төв болон улс, хувийн хэвшлийн томоохон эмнэлгийн хавдрын тусламж, үйлчилгээтэй танилцаж буй гэнэ. Энэ сарын 6-нд ХСҮТ, уржигдар УНТЭ-ийн удирдлагуудтай уулзаж, хавдрын тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл солилцжээ. Олон улсын багийнхан долоо хоног ажиллаж, нөхцөл байдалтай танилцсаны дараа Монгол Улсыг хавдрын эсрэг хяналтын хөтөлбөртэй болгох зорилготой аж. 2009 онд олон улсын багийнхан хавдрын хяналтын чиглэлээр цогц үнэлгээ хийсний дүнд ХСҮТ-д туяа эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж нийлүүлсэн гэнэ.
Мөн Олон улсын атомын энергийн агентлаг манай улсад хавдрын өвчлөлийн тусламж, үйлчилгээний менежментийг сайжруулах “Итгэл найдварын туяа” төслийг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. 2027 он хүртэл үргэлжлэх төслийн хүрээнд дэлхийн анагаах ухааны салбарт өргөн хэрэглэж буй цөмийн технологийн шинэлэг арга, аргачлалыг нэвтрүүлж, хорт хавдрын өвчлөлийг эрт оношилж, эмчилж, нас баралтыг бууруулахад чиглэсэн ажлууд хийхээр төлөвлөжээ.
Ташрамд дуулгахад, Монгол Улс хорт хавдрын шалтгаант нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлж буй. Өнгөрсөн онд манай улсад хавдрын 7244 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн нас баржээ.