Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар М.Маргад-Эрдэнийг томилсон байна. Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн намар тус агентлагийн даргын сонгон шалгаруулалтыг зарлаж, тодорхой шалгуур хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүртгэсэн аж. Улмаар дээрх хүнийг томилуулах саналаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт илгээснийг ийнхүү шийдвэрлэжээ. Төрийн албанд хөгжлийн бэрхшээлтэй нийт 4500 иргэн ажилладгаас 10 хувь нь л захиргааны алба хашдаг хэмээн ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийхдээ дурдсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн албанд ажиллах шалгуур үзүүлэлтийг хоёр дахин бууруулах хууль, эрх зүйн зохицуулалт хийснээр удирдах түвшинд тэдний оролцоог нэмэх боломж бүрдүүлсэн гэлээ.
М.Маргад-Эрдэнэ ийнхүү Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргаар томилогдсон хөгжлийн бэрхшээлтэй анхны хүн болж байна. Тэрбээр тус агентлагийн Тамгын газарт хуулийн хэрэгжилт, гэрээ конвенц хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос ажиллаж байгаад ийнхүү даргаар томилогджээ
Бэлтгэсэн С.Уул