Манай улсад таван хүн тутмын нэг нь харшилтай байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардорж мэдээлэв. Тэдний дийлэнх буюу 80 хувь нь ургамлын тоосны харшилтай аж. Бусад нь эм, тариа, ахуйн болон ариутгалын химийн бодис, хоол хүнс зэргээс харшилдаг гэнэ. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор харшлаас урьдчилан сэргийлэх талаар Ч.Мягмардорж зөвлөсөн юм. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, бас ахуйн химийн бодис, эм, тарианы зохисгүй хэрэглээнээс үүдэн харшил ихсэж байна. Ялангуяа ургамлын тоосны харшил их байгаа. Модлог, үет, хөл газрын ургамал нь ялгаатай хугацаанд харшил үүсгэдэг. Тухайлбал, модлог ургамал 4-5, үет нь 6-7, хөл газрынх нь 7-8 дугаар сард тоосоо ялгаруулж, тэдгээрээс үүдэлтэй харшил идэвхэждэг. Улирлын чанартай тоос, тоосонцрын харшилтай тохиолдолд мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй. Иргэд дархлаагаа дэмжин, мэргэжлийн эмчийн зөвлөсөн эм, тариаг хэрэглэх нь зүйтэй” гэв.
Бэлтгэсэн Ч.Зул