Сонгуулийн төв байгууллагын удирдлага өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулсан юм. Хууль бус сурталчилгаатай хатуу тэмцэхээ Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэж, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагыг хамтран ажиллахыг уриалав.
Мөн тэд УИХ-ын ээлжит сонгуулийн саналын хуудасны загварыг баталснаа тайлбарлалаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд саналын хуудасны талаар заасан байдаг. Үүний дагуу пропорционал хувилбараар буюу улс төрийн нам, эвслийг сонгох 48, мажоритар буюу тойргоос сонгох 78 гишүүнийг сонгох хоёр хэсэгтэй байхаар саналын хуудасны загварыг баталсан байна. Саналын хуудсанд намын нэрийг Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бичихээр хуульд заасан.
Эвслийн нэрийг түүнд нэгдсэн намуудаас хамгийн түрүүнд Дээд шүүхэд бүртгүүлснийх нь дарааллаар байрлуулах юм. Харин тойрогт нэр дэвшигчийг тухайн нам, эвслээс ирүүлснээр нь дараалуулан бичих ёстой. Бие даагчдын тухайд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэсэн дарааллыг баримтлан нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдийн нэрийн дараа бичигдэнэ. Зарим намын зүгээс нам, эвслийн нэрийн ард даргынх нь нэрийг, тухайн нам, эвслийг илэрхийлэх зургийн хамт хэвлэх ёстой гэсэн шаардлага тавьсан байна. Хуулиар үүнийг зөвшөөрөөгүй учраас эл шаардлагыг биелүүлэх боломжгүй гэнэ. Саналын хуудсыг сонгогчдод танилцуулж, тайлбарлахын тулд энэ сарын 17-19-нд Сүхбаатарын талбайд болох “Номын баяр”, ирэх сарын 25 хүртэл Тусгаар тогтнолын талбайд асар байрлуулан ажиллах гэнэ.
Түүнчлэн энэ үеэр ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч Э.Саруул мэдээлэл өгсөн. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой дуудлага, мэдээллийг 24 цагаар авч, шалган шийдвэрлэх шуурхай штаб ажиллаж буй аж. Өчигдрийн байдлаар сонгуультай холбоотой 23 гомдол, мэдээлэл ирүүлснээс 15 нь зөрчлийн, найм нь гэмт хэргийн шинжтэй байгаа бөгөөд прокурорын хяналтан дор шалгаж байгаа гэнэ.
-УИХ-д Ховд аймгаас сонгогдсон гишүүн Увсад ажлаа тайлагнаад явж байна. Энэ нь хууль бус сурталчилгаа мөн үү. Ажлаа тайлагнахаас гадна ирэх дөрвөн жилд ийм, тийм зүйл хийнэ гэж ярих нь зөв үү?
Д.Даваа-Очир(Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга): -УИХ-ын гишүүн нь нийт ард түмний элч, төлөөлөгч учраас аль аймаг, сумд ажиллахыг нь зааж, хязгаарлах боломжгүй. Хэрэв үүнийх нь талаар хуулийн байгууллагад гомдол гаргаж, буруутай нь тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс нэр дэвшигчдийг бүртгэхдээ харгалзан үзэх боломжтой. Төр засгийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Жишээ нь, Засаг дарга хүн ийм ажил хийсэн, хийнэ гэж ярих нь нээлттэй. Харин үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөд, УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа хүн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар ярьж байвал хууль бус сурталчилгаа болно. Хамгийн гол нь хууль бус сурталчилгаа хийж байгаа талаарх гомдол, мэдээлэл нь буух эзэн, буцах хаягтай байх ёстой.
-Тодорхой жишээ хэлье. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, УИХ-ын гишүүн, сайд асан Н.Цэрэнбат нар баруун аймгуудийн ард иргэдэд бүсчилсэн хөгжлийн талаар ярьж явна. Энэ нь хууль бус сурталчилгаа мөн үү?
-Засаг дарга Э.Болормаа Баруун бүсийн хөгжлийн төвийн дарга юм билээ. Хуулийн дагуу Засаг дарга нар тухайн шатны ИТХ болон орон нутгийнхандаа ажлаа тайлагнах ёстой. Өөр аймагт ажлаа тайлагнаж яваа нь мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагаатай хэрхэн уялдах талаар тодорхой мэдээлэл надад алга. Харин Н.Цэрэнбат нь дээрх үйлдлээрээ шууд хууль зөрчиж байгаа юм.
-Тэгвэл БНН-ын дарга Б.Жаргалсайхан саяхан юүтүб сувгийн “Бажи&Ялалт” нэвтрүүлэгт оролцохдоо манай нам засгийн эрх авбал ийм ажил хийнэ гэх мэтээр ярьсан. Энэ нь хуульд нийцэх үү?
Д.Бат-Эрдэнэ(Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга): -УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48.1-т зааснаар маш олон үйл ажиллагааг хууль бус сурталчилгаа хэмээн хязгаарлаж байгаа ч зааг, ялгаа бий. Өөрөөр хэлбэл, сонгогчдын саналыг татах зорилго агуулсан үйл ажиллагааг л хориглож байгаа. Жишээ нь, хөрөг нэвтрүүлэгт оролцож болно. Харин сонгуулийн мөрийн хөтөлбөртэй холбоотой, амлалтын шинжтэй зүйл ярьж болохгүй. Мөрийн хөтөлбөр, амлалтаа ярих хугацааг нь хуулиар заачихсан шүү дээ. Юүтүб болон нийгмийн сүлжээний контентуудад ч ямар нэгэн хориг, хязгаарлалт байхгүй. Гагцхүү амлалт, мөрийн хөтөлбөрөө ярьж болохгүй.
-Саналын хуудсаа туршилтаар хэрэглэж үзсэнүү. Энэ удаагийн сонгуульд 25 нам, эвсэл оролцохоо илэрхийлсэн. Мөн хамгийн олон мандаттай тойрогт нэг нам, эвслээс 10 хүн нэр дэвшүүлэхээр байгаа шүү дээ.
Д.Даваа-Очир: -Таны хэлсэн жишээг хамгийн ихээр буюу бүх нам, эвсэл арав, арван хүн нэр дэвшүүлнэ гэж тооцвол 250 хүн өрсөлдөнө гэсэн үг. Үүгээр туршилт хийхэд 10 мандаттай тойргийн саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад 27 секунд зарцуулж байна. Нам, эвслийг сонгох хэсгийг уншуулахад 11 секунд шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэг сонгогч хоёр хэсгийг бүгдийг нь уншуулахад 38 секунд зарцуулах нь. 10 мандаттай тойрогт нэр дэвшигчдийг сонгох саналын хуудас нь 78.7 см урттай байхаар тооцсон (А4 хэмжээтэй цаасны урт 29.7 см байдаг). Харин Багануур, Багахангай, Налайх дүүргийн хоёр мандаттай тойргийн сонгогч саналын хуудасны хоёр хэсгийг уншуулахад нийт 22 секунд шаардлагатай. Саналын хуудасны урт нь 27.9 см байхаар буй. Нам, эвслийн жагсаалтад 25 нэр бичих учраас 25 см урттай байхаар тооцсон. Олон хүний нэр бичнэ гээд үсгийн хэмжээ жижиг байхгүй, тогтсон стандартыг баримтална.