Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу 2022 онд эрт илрүүлгийн үзлэгтээ орсон иргэдэд энэ сарын 1-нээс давтан орох эрх нээгдсэн гэж буй. Гэвч давтан үзлэг бүх газар эхэлсэн гэж үзэж болохгүй нь. Тухайлбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны өрхийн эмнэлгээс энэ талаар асуухад “2022 оны хэддүгээр сард эрт илрүүлгийн шинжилгээнд орсноос хамаарч, түүнээс хойш хоёр жил болсны дараа давтан үзлэг хийлгэх эрх нээгдэнэ. Эрт илрүүлэгт огт хамрагдаагүй иргэд бас олон бий” гэв. Мөн уг хорооны иргэдийг хариуцаж, үзлэг, оношилгоо хийх “Топаз” эмнэлэгтэй холбогдож асуухад “Давтан үзлэг зургаа, долоодугаар сараас нааш эхлэхгүй байх” гэсэн хариулт өглөө. Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийнхэн “Одоогоор манайх давтан эрт илрүүлгийн шинжилгээг аваагүй, энэ сарын дундаас хойш эхэлнэ” гэв.
Дээрх хөтөлбөр эхэлснээс хойш нийт хүн амын 40 гаруй хувь нь л эрт элрүүлгийн шинжилгээнд хамрагдаад буй юм байна. 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн иргэн бүр уг үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой аж.
Бэлтгэсэн С.Уул