СЕХ, Үндэсний аудитын газар, Дээд шүүх үйл явцын алдаа гаргаж, холбогдох хууль зөрчсөн тухай Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам (ЭЧХН)-аас өчигдөр мэдээлэл хийлээ. Сонгуулийн тухай хуулийн 26.2-т “Сонгуульд оролцох хүсэлтэд нам, эвслийн дарга гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан байна” хэмээн заасан. Мөн уг шаардлагатай холбоотойгоор намын даргыг баталгаажуулсан тухай Дээд шүүхийн лавлагаа шаардахаар хуульд тусгасан юм. Харин Үнэн ба зөв, САИНН нам, Иргэдийн оролцооны нэгдэл, Монгол хүний төлөө, Дэлхийн монголчууд, Гэр хорооллын хөгжил зэрэг 10 намын дарга нь Дээд шүүхийн бүртгэлд “үүсгэн байгуулагч” статустай орсон, баталгаажуулсан лавлагаа байхгүй гэнэ. Гэтэл эдгээрийг СЕХ бүртгэж, сонгуульд оролцох батламж гардуулсныг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж буйгаа мэдэгдэж, энэ алдаагаа засах шаардлагыг дээрх байгууллагуудад хүргүүлж байгаа аж.
Үүнээс гадна Үнэн ба зөв намынхан нэрээ Эрх чөлөөний эвсэл болгон өөрчилж, үүнийг нь Дээд шүүх бүртгээгүй байхад мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлсэн. Тус байгууллага ч, СЕХ ч нэр, тамга нь өөр уг намд батламж олгосон байна. “Энэ намын нэрийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэсэн гэх мэдээлэл бий ч СЕХ-нд ирүүлсэн материал дээрээ нэр нь Эрх чөлөөний эвсэл нам, тамга нь Үнэн ба зөв гэдгээрээ байна. Ямар учраас ийм зөрчилтэй намыг бүртгэв, яагаад асуудлыг нь ийм шуурхай шийдэв. Нөгөө талаар эвсэл гэдэгт хоёроос дээш нам нэгддэг, гэтэл нэг намд энэ нэрийг өгч болох уу. Түүнчлэн “эрх чөлөөний” гэсэн адил нэр оруулж, манайхтай андуурагдахаар болгосон байна. Орон нутгийн сонгогчид, брайл үсгээр уншиж санал өгдөг харааны бэрхшээлтэй иргэд энэ нэрийн ялгааг тэр бүр мэдэхгүй, андуурах эрсдэлтэй” гэлээ. Энэ бүх үйл явц нь СЕХ тэргүүтэй төрийн байгууллага сонгуулийг захиалгаар будилуулах зорилготой холбоотой хэмээн тэд хардаж буй аж. Улмаар Дээд шүүх бүртгээгүй, баталгаажуулаагүй даргатай намуудыг өөрсдөө алдаагаа ухамсарлаж, сонгуульд шударга оролцохыг уриалсан юм.