Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх ажлын хэсгийн гишүүд Өмнөговь аймгийн Даланзадгад сумд ажилласан байна. Дээрх хөдөлгөөний хүрээнд тус аймгийнхан 70 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн аж. Улмаар “Ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030”-ыг баталж, 2022-2024 онд бэлтгэлээ хангажээ. 2025-2028 онд мод тарих, ойжуулах ажлыг эрчимжүүлэн, 2029-2030 онд ургуулж, арчлахыг дэмжихээр төлөвлөсөн байна. Тухайлбал, төв суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Арц Богдын өвөр хоолойн салхийг сааруулах зорилгоор Даланзадгад, Ханхонгор, Булган сумын нутагт тус бүр нь 50 га талбай бүхий ойн хамгаалалтын 100 ширхэг зурвас байгуулах, Өмнөговь аймгийн заган ойг тэлэх зорилгоор 240 мянган га талбайг ойжуулахаар төлөвлөсөн аж. Мөн 700 мянган га талбайд заган ойн байгалийн ургалтыг дэмжих ажил хийх нь.
Мод тарьж, ургуулсан иргэдийг урамшуулах журмаа ч шинэчилжээ. Иргэн ес, аж ахуйн нэгж 90-ээс дээш мод тарьж ургуулбал гурван жилд нэг модонд 13 500 төгрөгийн усалгаа, арчилгааны урамшуулал олгодог болсон байна. Одоогоор тус аймгийнхан нийт нэг сая орчим мод тарьжээ. Түүнчлэн аймгийн хэмжээнд мод үржүүлгийн 16 газар үйл ажиллагаа явуулж, 2023 онд 2.9 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн аж.
Энэ үеэр Өмнөговь аймгийн Даланзадгад сумд “Говь, хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлж, хамтран ажиллах санамж бичигт Ерөнхийлөгчийн Тамгын газар, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, “Буян-Од” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан байна. Тус компанийнхан энэхүү цэцэрлэгт хүрээлэнд 14 га талбайд улиас, хайлаас, агч зэрэг модны 4000 суулгацыг өөрийн зардлаар тарьж, арчилгаа, усалгааг нь Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар хариуцах юм.
Бэлтгэсэн С.Уул