“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Буян-Од” ХХК-ийн санаачилгаар Даланзадгад суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад хамтран ажиллах Санамж бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, “Буян-Од” ХХК 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар Даланзадгад суманд ажиллаж, “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эхлүүллээ.
“Буян-Од” ХХК нь “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэнд 14 га талбайд улиас, хайлаас, агч зэрэг модны 4,000 суулгацыг өөрийн зардлаар тарьж, арчилгаа, усалгааны ажлыг Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар хариуцах юм.
Тус компани нь 2000 оноос эхлэн 40 сая тарьц ургуулснаас 30 гаруй сая тарьцыг ойжуулалтад шилжүүлж, 10 орчим сая тарьцыг зах зээлд нийлүүлсэн байна.
Арчилгаа, усалгааг чанартай гүйцэтгэж чадвал хангайн бүсэд бойжуулсан моддын суулгацыг говийн хөрсөнд ургуулах боломжтой гэж үзэж буйгаа “Буян-Од” ХХК-ийн ерөнхий захирал В.Буянтогтох онцоллоо.
Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин энэхүү санаачилгыг гаргасан “Буян-Од” ХХК-ийн хамт олон, санаачилгыг дэмжин бодит ажил болох нөхцөлийг бүрдүүлсэн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлж, амжилт хүслээ.