Манай улсад агаарын тээврээр ирж буй жуулчид заавал “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсаны дараа буюу Улаанбаатар хотоор дамжин орон нутаг руу зорчдог. Энэ нь Монголыг зорих гадаадын жуулчдыг цаг хугацаа, эдийн засгаар нь хохироодог тул аймгуудын нисэх буудлуудыг олон улсын зэрэглэлтэй болгож, шууд нислэг үйлдэх боломж бүрдүүлэх асуудлыг сүүлийн жилүүдэд ярьж байгаа. Тэгвэл “Хүннү эйр” компани БНСУ-аас Монголд ирэх зорчигчдыг орон нутаг руу шууд тээвэрлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжилгүйгээр аймгуудад шууд газардана гэсэн үг.
Тус компанийнхан“Манайх Өмнөд Солонгосын “Раксо холдинг” компанитай хамтран аялагчдыг орон нутаг руу шууд тээвэрлэх боломж бүрдүүллээ. Ингэснээр зун аялал жуулчлалын оргил үеэр “Чингис хаан” нисэх буудлын ачааллыг бууруулах, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх, шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой” гэж мэдээлэв.