Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон дагалдах хууль, тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барив. Шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөх, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, удирдлагаас нь аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай хэрхэн харилцахыг зохицуулахаар тусгажээ.
Уг хуулийг баталбал Үндсэн хуульд заасны дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар суурин газруудыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон болгон байгуулах ажлыг дэс дараалалтай хэрэгжүүлнэ. Үүнээс гадна улсын зэрэглэлтэй тав (Дархан, Эрдэнэт, Шинэ Хархорум, Багануур, Налайх), орон нутгийн зэрэглэлтэй 44 (нийслэлд 14, аймгуудад 30), мөн дагуул гурван хотыг байгуулж, бие даан хөгжүүлэх нь. Түүнчлэн хот, тосгон оршин суугчдадаа төрийн буюу гагцхүү засаг захиргааны нэгжээр дамжуулан хэрэгжүүлэх үйлчилгээг үзүүлэх аж. Улмаар бүсчилсэн хөгжлийн болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж, хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэгэж үзжээ.
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулиар тус хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлохоор тусгасан бөгөөд зургаан бүлэг, 29 зүйлтэйгээр боловсруулсан байна. Ингэснээр орон зайн оновчтой төлөвлөлттэй, суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын үйл ажиллагааны журам, зохицуулалт тодорхой болох аж. Үүний сацуу дагуул хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг татварын болон татварын бус аргаар дэмжих нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна. Мөн бусад улсын жишгээр Шинэ Зуунмод хотын оршин суугчид хотын удирдлагаа сонгодог болох гэнэ.
Бэлтгэсэн У.Наран