АН-ын “4:11” мэдээллийн цагт “Шударга сонгууль” сонгуулийн луйвар, зөрчлөөс сэргийлэх ажлын хэсгийнхэн оролцов. Мэдээллийн үеэр тус ажлын хэсгийн дарга, АН-ын дэд дарга Ж.Баярмаа “70 мянга орчим сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна. Энэ бол бага тоо биш. 2023 онд 60, 2022 онд 50, 2021 онд 50 орчим мянган хүн шилжсэн байна. Одоо 20 мянган иргэнээр илүү байгаа нь сонгуулийн жилийн “царцааны нүүдэл” юм. УИХ-ын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооноос байгуулсан ажлын хэсгээр дамжуулан эдгээр шилжилтийг аймаг, сум, нийслэл, хороо, дүүргээр нь нарийвчилсан мэдээлэл авах хүсэлт гаргасан” гээд энэ чиглэлээр хамтарч ажиллахыг бусад нам, иргэний нийгмийн байгууллагынханд уриалав. Мөн эл асуудлаар ирэх даваа гарагт хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.
Мөн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийг 12 тойргоос сонгохоор байгаа нь тодорхой бүлгийн ашиг сонирхолд үйлчилсэн хэрэг гэж үзэж байна. Жишээ нь, 450 мянган хүн амтай Баянзүрх дүүргийг гурван тойрогт хуваасан. Гэтэл Багахангай дүүрэг 4500 хүн амтай, нэг мандаттай. Бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан тойргийг хувааж байгаа бол үүнийг харгалзах ёстой. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо Баянзүрхэд 27 мянга, Багахангайд 3000 байна. Төлөөллийн зарчим алдагдаж, саналын жингийн зөрүүтэй байдал үүснэ. Дэд бүтэц, гудамж талбай, амьдрах хэв маягаараа ялгардаг нийслэл хотыг гуу, жалга дагуулж бүсчлэн хувааж байна” гэв.
Бэлтгэсэн Б.Уран