БОАЖЯ-наас аялал жуулчлалын бүс, олон улсын болон улсын чанартай авто зам дагуух газруудад түр буудаллах үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөж буйгаа өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар ийм цогцолбор байгуулах 67 байршлыг тогтоож, газрын асуудлыг нь шийдвэрлэх чиглэлийг холбогдох байгууллагынханд өгснийг тус яамнаас өчигдөр мэдээллээ.
Аялал жуулчлалын гол бүс нутаг, олон улсын болон улсын чанартай авто зам дагуух 200- 250 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулахаар шийдвэрлэжээ. Түр буудаллах газар байгуулснаар гадаад, дотоодын жуулчид тав тухтай зорчиж, орчны бохирдол, доройтол буурна гэж үзэж байгаа аж. Эдгээр цогцолборыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, олон улсын жишгийн дагуу байгуулахаар төлөвлөсөн бөгөөд гол шаардлага нь стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх гэнэ. Цаашид тогтоосон байршлуудыг газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулах, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажлуудыг хийх нь.
Бэлтгэсэн Н.Мишээл