Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн тул хэлэлцүүлэг Ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 48 саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 20 дугаар зүйлд. “оюуны өмчийн эрхийг зөрчихгүй байх.” гэсэн 20.2.7 дахь заалт нэмэх, мөн төслийн 30 дугаар зүйлийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн 8.9 дүгээр санал буюу төслийн 12 дугаар зүйлд өөрчлөлт оруулах асуудалд Ажлын хэсгээс гүйцээн боловсруулах санал гаргасныг хуралдаан даргалагч зөвшөөрлөө. Түүнчлэн тус хуультай хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 9.14 дүгээр зүйлд “Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичиг олгох, хянах, хэрэглэгчийн статистик мэдээлэлд үндэслэн хязгаарлалт тогттоох, шаардлага тавихтай холбоотой журмыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуугаас гурван зуун нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянгаас дөрвөн мянган нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн 3 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.
Энэ үеэр Ажлын хэсгээс гаргасан саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Н.Учрал нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжлүүлэв.