Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.05.02/ хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Ажлын хэсгээс Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг хүний амьдралын чанар, нийгэм, эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн хөгжил, улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байхаар тодорхойлох; Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, бүс, орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлт, тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхой болгох; Шинжлэх ухаан технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын судалгаа хөгжүүлэлтийн ажлын хөрөнгө оруулалтад Татварын хууль тогтоомжид заасны дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх; Шинжлэх ухаан технологийн хүний нөөцийг бэлтгэх, шинжлэх ухааны шинжилгээний ажилтан, түүний нийгмийн баталгааг хангах; Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг өргөжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжилтийн журам, захиалагч, гүйцэтгэгчийн эрх, үүргийг зохицуулах талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг онцолж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Б.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “грант” гэж иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилсан нөхцөл, болзол тавьсны үндсэн дээр тодорхой судалгаа, шинжилгээний ажил явуулах зориулалтаар шинжлэх ухааны үйл ажиллагаанд оролцогчдод буцалтгүй олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг” гэсэн 3.1.6 дахь заалт, мөн төслийн 22 дугаар зүйлд “Засгийн газар хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн ажлын хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх бөгөөд уг асуудлыг Татварын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ” гэсэн 22.2 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувь нь тус тус дэмжлээ.
Мөн Улсын Их Хурлын дарга төслийн 13 дахь санал буюу 31 дүгээр зүйлд 31.4 дэх хэсэг нэмэх асуудалд гүйцээн боловсруулах чиглэл өгсөн бөгөөд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.