Засгийн газрын ээлжит хуралдаанаар 33 асуудлыг хэлэлцэж, хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Сангийн сайд Б.Жавхлан “Өнөөдөр түүхэн тогтоол батлагдлаа. 20 жил уул уурхайн баялгаа хуримтлуулж чадаагүй бол өнөөдөр баялагтаа эзэн болох тогтоол хэрэгжиж эхэлж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар баталсан. Тус хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг өнөөдөр эцэслэн баталлаа. Үндэсний баялгийн сан нь Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван сангаас бүрдэнэ. Өнөөдрийн засгийн газрын тогтоолоор хуримтлалын санг онцлох тогтоол гарлаа. Нийт 1.2 их наяд төгрөгийг бүрдүүлж, 10-аад мянган иргэний ипотекийн зээлийн санхүүжилтыг бий болгох тогтоол гарлаа. Ирэх даваа гарагт банкуудын данс нээгдэж, төв банкнаас хувиарлалт хийнэ” хэмээн онцоллоо.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Тус тогтоолоор уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон тус компанийн гүйцэтгэх захиралд даалгалаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг урьдчилан Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болж байна.
Хуримтлалын санд 2024 онд төвлөрүүлсэн эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулж, хуульд заасны дагуу арвижуулах зорилгоор холбогдох гэрээ байгуулж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөж, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах талаарх Бүгд Найрамдах Сингапур Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор тус улсын Үндэсний их сургуулийн болон Хуримтлалын сангийн зөвлөх, судлаачидтай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажиллахыг тогтоолд тусгав.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Монгол Улсын иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх Хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр заасан. Сангийн хөрөнгийг Монголбанк дахь төрийн сангийн дансанд байршуулж, Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцож арвижуулахаар заажээ.