Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 онд хэрэгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Сүү, тараг” хөтөлбөрийг 14 суманд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөр 2023 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд Өмнөговь аймагт хэрэгжиж, нийт 6750 хүүхдийг хамруулсан бол 2024 онд 7443 хүүхэд хамруулахаар болжээ.
“Сүү тараг” хөтөлбөр нь зорилтот бүлгийн бага насны хүүхдийн өсөлт хөгжил, байнгын асаргаатай хүүхдийн хоол тэжээлийг чанартай, амин дэмээр баялаг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж дархлааг нь дэмжих хоол тэжээл, сувиллын үйлчилгээг үзүүлснээр бие бялдрын өсөлт хөгжил болон хүүхдийн жингийн хоцрогдол, өвчлөл, эндэгдлийг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.