Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан өчигдөр болж, сонгуулийн тойрог байгуулж, мандат батлах талаар хэлэлцжээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн 12 тойргийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн байгуулахаар төсөл боловсруулсан байна. Ингэхдээ хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн зэргэлдээ байх, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ялгаатай байдлыг багасгах, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзсан гэнэ. Үүнд Баянзүрх дүүрэг гурав (10 мандат), Сонгинохайрхан хоёр (10), Баянгол нэг (зургаа), Сүхбаатар нэг (дөрөв), Чингэлтэй нэг (дөрөв), Хан-Уул нэг (зургаа), Багануур нэг (хоёр), Налайх нэг (хоёр), Багахангай нэг (нэг) тойрог байхаар тусгасан байна.
2020 онд нийслэлийн хэмжээнд нийт 923.3 мянган сонгогч байсан бол энэ онд урьдчилсан байдлаар 1.1 сая орчим болж өсжээ. Энэ нь өмнөх сонгуулийн үеийнхээс 171 мянга буюу 15.7 хувиар нэмэгдсэн дүн юм. Дээрх төслийн хүрээнд нэг нэр дэвшигчид ногдох сонгогчийн тоог тооцвол Хан-Уулд хамгийн олон буюу 29.1 мянга, Багахангайд хамгийн цөөн буюу 3023 байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн тойрог, мандатыг сонгогчийн тоотой уялдуулах нь зүйтэй, эсэх талаар төлөөлөгчид зөрүүтэй байр суурь илэрхийлэв. Тухайлбал, Хан-Уул, Багахангай дүүргийн сонгогчийн тоо эрс зөрүүтэй байгааг олон гишүүн хэлсэн ч зарим нь нийслэлийн төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлогын дагуу дагуул хотуудад ногдох мандатын тоог нэмэх ёстойг сануулж байлаа.