Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол дахь АНУ-ын Энх тайвны корпусын Орон хариуцсан захирал Өэрл Миллер-ийг 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ноён Өэрл Миллер Монгол дахь АНУ-ын Энх тайвны корпусын Орон хариуцсан захирлаар томилогдон ирсэндээ баяртай байгаа бөгөөд Монгол дахь Энх тайвны корпусын үйл ажиллагааг үргэлж дэмжиж ирсэн Гадаад харилцааны яаманд талархал илэрхийлж, цаашид сайн дурын ажилтнуудын тоо, үйл ажиллагааг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа онцоллоо.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг англи хэлний боловсрол, англи хэлний сайн дурын багшийг урьж ажиллуулах чиглэлд АНУ-ын Энх тайвны корпустай хамтран ажиллахад өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд, сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэхэд хоёр талаас хүч чармайлт гарган ажиллахын чухлыг тэмдэглэв.
КОВИД-19 цар тахлын улмаас нутаг буцаад байсан Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд 2022 оны аравдугаар сард Монголд эргэн ирсэн. Өдгөө 36 сайн дурын ажилтан англи хэлний боловсрол болон орон нутгийн хөгжлийн чиглэлээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон Архангай, Дорнод, Өвөрхангай, Хэнтий аймгуудад ажиллаж байна.