Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, хүүхдийн эмч А.Болд агсны гэр бүлийнхэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасагт нэн шаардлагатай байсан хэвлийн хөндийн мэс заслын дуран хандивлалаа. Уг тасгийнхан жилд 200 гаруй хүүхдэд хэвлийн мэс заслыг дурангийн аргаар хийдэг. Жилээс жилд дурангийн хагалгаа хийлгэх хүүхдийн тоо өссөөр буй гэнэ. Гэсэн ч улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ЭХЭМҮТ-д мэс заслын дуран хүрэлцээгүй байжээ. Хагалгааны дурангийн тоо нэмэгдсэнээр мэс заслын тусламжийн хүртээмж 50 хувиар өсөж, төлөвлөгөөт болон яаралтай хагалгааны дараалал, хүлээлт буурах нь.
А.Болд нь ЭМШУИС болон ХБНГУ-ын Хайдельбергийн их сургууль төгссөн. Тэрбээр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасаг, мөн ЭМШИУС-д багш, ЭМЯ-нд хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр хүүхдийн өвчлөл нэмэгдсэн ч тусламж, үйлчилгээ хүртээмжгүй байгааг онцолж, үүнийг засаж залруулах боломжуудын талаар олон нийтийн сүлжээнд бичиж, санал бодлоо хуваалцсаар ирсэн юм. Харамсалтай нь, А.Болд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тул гэр бүлийнхэн нь түүний ярьж, төлөвлөж, хэрэгжүүлэхийг хүсэж байсан ажлыг нь гүйцэлдүүлж ЭХЭМҮТ-д хандив өгсөн юм.
ЭХЭМҮТ-д хандив өгөх аянд А.Болд агсны дунд сургууль болон их сургуулийн найзууд, ажлын хамт олон, найз нөхөд нь нэгджээ.